Сумын соёлын төвын Номын сан

Номын сан Соёл урлагын төв

Улсын Шадар сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны  Монгол, Оросын Засгийн газар  хоорондын комиссын  14 дүгээр хуралдааны өмнө ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  элчин сайд  В.В.Самойленког  хүлээн авч уулзлаа.

Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаан энэ сарын 19-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд, энэхүү уулзалтаар хэлэлцэх асуудлын талаар болон бэлтгэл ажил хэрхэн хангагдаж  байгаа  талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн ЗГХК-ын  хуралдаанаар  хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны олон асуудал, ялангуяа  худалдаа, эдийн засгийн асуудалд түлхүү анхаарч тодорхой үр дүнд  хүрэх зорилт тавин ажиллаж байна.

Уулзалтын үеэр Шадар сайд Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэрийн газрууд нь манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлоод эдгээр хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэн шинэчлэхэд ОХУ-ын хөрөнгө  оруулалтыг нэмэгдүүлэх  хүсэлтэй  байгаа талаар  дурьдсан.

Манай  улс өөрийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүнийг  ОХУ-аас зуун хувь импортоор авч байгаа. Роснефть компанийн манайд нийлүүлж байгаа  газрын тосны бүтээгдэхүүний нэгж үнэ ОХУ-аас бусад улс орнуудад нийлүүлж байгаа нэгж үнээс дунджаар 200-300 ам.доллароор өндөр байна гэсэн тооцоог манай холбогдох яам байгууллагаас гаргасан байна. Иймд  хоёр орон дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд мөн уламжлалт олон жилийн найрсаг харилцааны зарчмыг баримтлан Монголд нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бусад оны төвшинд буулгаж, урт хугацаанд тогтвортой нийлүүлэх хэлэлцээр  байгуулах асуудлыг энэ удаагийн  ЗГХК-ын хуралдаанаар хөндөж тавина гэж Шадар сайд  мэдэгдлээ.